Танилцуулга
Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Орхон Шарын голын бэлчирт одоогийн Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын Жимс, Ногоо, Сүүний САА нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 1974 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Дархан хотод шилжиж Орхон хороо, улмаар 1994 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Баян-Өлзийт, Энхтал гэсэн хоёр багтайгаар Орхон сум болж өөрчлөн байгуулагдсан бөгөөд 2018 онд сум үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. 
 
Орхон сум нь 44177 га талбай бүхий нутаг дэвсгэртэй, нийслэл Улаанбаатар хотоос 275 км, аймгийн төвөөс 45 км зайд байрладаг, Монгол улсын хойт чиглэлийн төмөр зам, засмал замууд дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүч, хөдөлгөөнт холбооны бүх үйлчилгээнд холбогдсон дэд бүтэц маш сайн хөгжсөн нь тус сумын онцлог давуу тал юм.
 
Тус сум нь 2 багийн зохион байгуулалттай 3269 хүн амтай, нийт хүн амын 61.9 хувь нь 35 хүртэл насны залуучууд эзэлдэг бөгөөд хөдөлмөр эрхлэлт 80.9 хувь, ажилгүйдлийн түвшин 2016 оныхоос 0.3 хувиар буурч 4.3 хувьтай байна.  
 
Тус сум газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг бөгөөд 1300-1700 га усалгаатай инженерийн системтэй талбайд төмс, хүнсний ногоо тариалж, жилдээ дунджаар 13000-17000 тн ургац хураан авдаг. 
 
Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа ба 40330 толгой малтай, 1601 бүл зөгийтэй, жилдээ 42465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлж байна. ХХААХҮЯ-наас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015, 2018 онуудад хүнсний ногоо тариалагч “ШИЛДЭГ СУМ” номинацид 7 удаа түрүүлсэн амжилт гаргасан.
Аймгийн “Тэргүүний сум”-аар 2002, 2007, 2010, 2011, 2012 онуудад, Баян-Өлзийт баг 2014, 2015 оны ажлын амжилтаараа аймгийн “Тэргүүний баг, хамт олон”-оор тус тус шалгарсан амжилт үзүүлсэн юм. 
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын шилдэг сум” шалгаруулах болзол журмын дагуу  тайлан мэдээг бэлтгэж хүргүүлснээр төвийн бүсээс шалгарч Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны ээлжит хурлын 154 дүгээр тогтоолоор “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар шалгарлаа.
 
Тус сум нь  2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС” одонгоор шагнагдсан. 
2017 оны байдлаар улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8 хувийг дангаараа хангасан байна. Монгол Улсын Засгийн газар тус сумын тариаланчид, малчдын хөдөө аж ахуйн салбарт түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, төмс, хүнсний ногооны ургацыг тогтмол амжилттай тариалж, хүн ардыг эрүүл хүнсээр хангах их үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн бөгөөд тус сумаас нийт 32 “Улсын Аварга”-ууд төрөн гарсан.
 
Тус сумын 468 өрхийн 1537 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд өрх бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-өөс оюутнуудыг оролцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал хугацаанд 800-1200 хүнийг түр ажлын байраар хангаж дундажаар 1.6-2.0 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгодог нь манай сумын нэг давуу тал, онцлог болно.
 
Тус суманд 2017 оны байдлаар хүнс барааны худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр 20 компани, 10 хоршоо, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 16 компани, 13 нөхөрлөл, хоршоо, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 6 компани, 7 нөхөрлөл, хоршоо үйл ажиллагаа явуулж байна. 
 

Нийтлэгдсэн: 2019-06-03 05:38:32