ҮЕРТ АВТСАН 120 ГАРУЙ ТАРИАЛАНЧ ТӨРӨӨС ДЭМЖЛЭГ ХҮСЛЭЭ
2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон сумын Онцгой комисс-т голын усны түвшин нэмэгдэж, тариалангийн талбайд хохирол учруулж байгаа тухай дуудлага тариаланчдаас иржээ.
Энэ дагуу тус сумын комиссын 4 албан хаагч ажиллаж, голын усны түвшинг тодорхойлоход 126 мм болж нэмэгдсэн байжээ.
Шарын гол, Ерөө голын усны түвшин нэмэгдснээс шалтгаалан 2 ААНБ, 120 иргэний 540 га талбай, бэлчээрийн 405 га талбай үерт сүйдсэн байна.
Иймд тус сумын Засаг дарга Б.Алтансарнай холбогдох мэдээллийг аймгийн удирдлагуудад мэдээлж үерт автсан айл өрхүүдийг нүүлгэх арга хэмжээг авч ажиллажээ.
Нөхцөл байдлын талаар бид Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнайгаас тодруулахад: “Орхон сум бол газар тариалангийн сум. Энэ сарын наймнаас олон хоног орсон хүчтэй борооны улмаас ойрын жилүүдэд тохиолдоогүй хохирол учраад байна. Онцгой байдлын газрын Гамшгийн улсын байцаагч газар дээр нь ажиллаж, хохирлыг дүгнэхэд 500 гаруй га талбай үерт автсаны 310 орчим нь тариалан эрхэлсэн бүс байсан. Холбогдох дээд шатны байгууллага, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хохирлын хэмжээг хүргүүлж, иргэдийн бүтэн жилийн хөдөлмөр, банкны зээлийн хүүг бууруулах асуудалд дэмжлэг үзүүлэх саналаа хүргүүлсэн” гэв.
Харин Үерт хохирсон иргэдийг төлөөлж тус сумын Баян-Өлзийт багийн иргэн Д.Доржбат «Энэ жил 28 сая төгрөгийг Хаан банкнаас зээлж, тариалангаа эхлүүлсэн ч золгүй явдалтай тулгарлаа. Байгалийн гамшигт хүчин мөхөстөж, хохирсон тариаланчдад зээлийн хүүг царцааж, бууруулах зэрэг төрөөс бидэнд тусалбал нуруунаас жаахан ч болов ачаа хөнгөрч, дэм болно» гэж байлаа.
Цаашид тус сумын удирдлагууд тариалангийн талбайгаа үерт автуулсан айл өрхүүдийг нэг бүрчлэн гаргаж хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

 


Нийтлэгдсэн: 2021-06-16 20:30:30