​Дархан-Шарын гол сумыг холбосон хатуу хучилттай замын ажил эхэллээ
Монгол улсдаа хамгийн том суманд тооцогддог Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэд өнөөдрийг хүртэл аймгийнхаа төвийг зорихдоо шороон замаар зорчдог байсан. Олон жил яригдсан Дархан-Шарын гол сумыг холбосон 47.9 км авто замын эхний ээлжийн 17.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажил өнөөдрөөс эхэллээ.
 
Тус ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажиллах бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хяналтыг хийх юм.
 
Бага Дарханы өвөрт замын эхлэл цэг тавигдсан бөгөөд зураг төслийг “Мөнхийн тод зам” ХХК гүйцэтгэсэн байна.
 
Энэ ондоо багтаан 17.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орох бол ирэх онд иж бүрэн дуусах төлөвлөгөөтэй юм. 7 метр өргөнтэй 7 см зузаантай асфальт бетон хучилттай авто замыг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх ажээ. 

Нийтлэгдсэн: 2019-06-03 05:32:31