Бургасан ойн хортон шавжийг устгах ажил явагдаж байна.
 

2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр утаат үүргэн шүршигч багаж ашиглан химийн аргаар бургасан ойн хортон шавжийг устгах 2000 га талбайн ажлын цахим тендерт “Гранд форест” ХХК шалгарч 2019.06.15-наас ажлаа эхэлжээ. Өнөөдөр /2019.06.18/ аймгийн Засаг дарга С.Насанбат, ХОХБТХэлтсийн дарга П.Батсүх, БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан, СДОАнгийн дарга С.Ганзориг, холбогдох мэргэжилтэнүүд, сумын Засаг дарга Б.Алтансарнай нар бургасан ойн хортон шавжийн тэмцлийн ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ жил Орхон, Дархан, Шарын гол сумын Ерөө, Орхон, Хараа голын бургасан ойд үүргэн шүршигч багаж ашиглан химийн аргаар тэмцэх ажлыг энэ сарын 25-ны өдрийг хүртэл хийх юм байна. Энэхүү устгал хийж байгаа нутаг дэвсгэрт зусаж байгаа малчин өрх, зөгийн аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд дээрх хугацаанд талбайд мал бэлчээхгүй байх, зөгийн бүлийг шилжүүлэх, ундны ус ашиглахгүй байх талаар анхааруулга санамж өгч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах захирамжийг сумын Засаг дарга гаргаж гүйцэтгэлийг хангуулан ажиллаж байна. “Гранд форест” ХХК нь таван хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнх-Эрдэнэ, Байгаль хамгаалагч Н.Ган-Эрдэнэ нар хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.


Нийтлэгдсэн: 2019-06-18 15:17:04