Мэндчилгээ
Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Орхон Шарын голын бэлчирт одоогийн Сэлэнгэ аймгийн Орхон Шарын голын Жимс, Ногоо, Сүүний САА нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 1974 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Дархан хотод шилжиж Орхон хороо, улмаар 1994 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Баян-Өлзийт, Энхтал гэсэн хоёр багтайгаар Орхон сум болж өөрчлөн байгуулагдсан бөгөөд 2018 онд сум үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. 
 
Орхон сум нь нийслэл Улаанбаатар хотоос 275 км, аймгийн төвөөс 45 км зайд байрладаг, Монгол улсын хойт чиглэлийн төмөр зам, засмал замууд дайран өнгөрдөг, төвлөрсөн эрчим хүч, хөдөлгөөнт холбооны бүх үйлчилгээнд холбогдсон дэд бүтэц маш сайн хөгжсөн нь тус сумын онцлог давуу тал юм.
 
Тус сум нь 2 багийн зохион байгуулалттай 3269 хүн амтай,  нийт хүн амын 61.9% нь 35 хүртэл насны залуучууд эзэлдэг бөгөөд хөдөлмөр эрхлэлт 80.9 %, ажилгүйдлийн түвшин 2016 оныхоос 0.3%-иар буурч 4.3 %-тай байна. 
 
Тус сум газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг бөгөөд  1300-1700 га усалгаатай инженерийн системтэй талбайд төмс, хүнсний ногоо тариалж, жилдээ 13000-17000 тн ургац хураан авч байна. Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, зөгийн аж ахуйг хослуулан хөгжүүлж байгаа ба 40330 толгой малтай, 1601 бүл зөгийтэй, жилдээ 42465 литр зөгийн бал хураан авч зах зээлд нийлүүлж байна. ХХААХҮЯ-аас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд амжилттай оролцож 2007, 2009, 2010, 2012, 2014, 2015 онуудад хүнсний ногоо тариалагч “ШИЛДЭГ СУМ” номинацид 6 удаа түрүүлсэн амжилт гаргасан нь манай сумынхны  БАХАРХАЛ юм. 
2017 оны байдлаар улсынхаа хүнсний ногооны хэрэгцээний 19.8%-ийг дангаараа хангасан байна. МУЗГазар тус сумын тариаланчид, малчдын ХАА-н салбарт түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж төмс, хүнсний ногооны ургацыг тогтмол амжилттай тариалж хүн ардыг эрүүл хүнсээр хангах их үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн бөгөөд тус сумаас :
Улсын:“Аварга ногоочин” 3, 
“Аварга усжуулагч” 2,
  “Аварга зөгийчин” 1, 
“Ургац хураалтын аварга” 1,
  “Аварга жимсчин” 1,
  “Аварга механикжуулагч” 1, 
 Хошой “Тэргүүний тариаланч” 1,  
“Тэргүүний тариаланч” 12, 
 “Аварга тариаланч” 4, 
 “Сайн малчин” 2, 
 “Аварга малчин” 1, 
 “Алдарч уяач” 2, 
 “Тэргүүний фермер хамт олон” 1 нийт 32  “Улсын аварга”-ууд төрөн гарсан нь бидний  амжилт бүтээлийн бас нэг бахархал юм. 
2017 оны ажил үйлсээрээ улсын “Аварга тариаланч” –аар Д.Сүхболд, Б.Ариунболд, улсын “Аварга малчин”-аар С.Гантөмөр, 2018 оны ажил үйлсээрээ улсын “Аварга тариаланч”–аар Б.Бамбарууш шалгарсан амжилтаар “Орхончууд” билгийн тооллын Шороон гахай жилээ угтлаа.
 
 Тус сумын 468 өрхийн   1537 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд өрх  бүр үйлдвэрлэгч байж хөрш зэргэлдээ Сэлэнгэ аймаг болон Дархан сумаас ажилгүй иргэд, их дээд сургууль, коллеж, МСҮТ-ээс оюутнуудыг орлцуулан хаврын тариалалтаас намрын ургац хураалт дуустал хугацаанд 800-1200 хүнийг түр ажлын байраар хангаж дунджаар 1.6-2.0 тэрбум төгрөгийн ажлын хөлс олгодог нь манай сумын нэг онцлог болно.
 
ЗДТГ нь аймгийн Засаг даргын 2010 оны 85 дугаар захирамжаар батлагдсан “ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж аймгийн “Тэргүүний сум”-аар 2002, 2007, 2010, 2011, 2012 онуудад, ЗДТГ-ын дарга 2013, 2015 оны ажлын амжилтаараа аймгийн Төрийн захиргааны байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар,   Баян-Өлзийт баг 2014, 2015 оны ажлын амжилтаараа аймгийн “Тэргүүний баг, хамт олон”-оор, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны ээлжит хурлын 154 дүгээр тогтоолоор “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 109 дүгээр зарлигаар төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС” одонгоор тус тус шалгарсан амжилт үзүүллээ. Орхон сумын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, гар бие оролцож яваа Орхончууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. 
 
 

Нийтлэгдсэн: 2019-06-03 05:21:16